Хэлтэй бол хөлтэй гэж...

Энэ удаагийн гишүүний буланд Пүрэвжавын  Ууганбаярыг урилаа.

П.Ууганбаяр мэргэжлээрээ олон жил ажиллаж, санхүүгийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгон туршлагатай санхүүч болсон бөгөөд манай ТМЗ-үүдийн нэг билээ.

Ууганбаяр одоогоор АНУ-д суралцаж байгаа бөгөөд нийт залуу гишүүддээ хандан түүний захиас, зөвлөгөөг хүргэх гэсэн юм.


...“АНУ-д очсон нэгэн оюутан хичээл, номондоо хэт шамдан байхдаа ядарч манайхны яриагаар бол “цагаан мах” нь эргэж шамбарамтай болсон хошин түүх байдаг юм.

Түүнээс арай л өмнөх нь Америкт очоод англи хэл нь сайжирсан догь оюутан эмчид захиа бичиж өгөөд нөгөө оюутнаа үзүүл гээд явуулж гэнэ. Эмч захианаас нь юу ч ойлгоогүй ч “ white meat” нь одоо ч гэсэн бидний дунд яригддаг эзэнтэй онигоо болжээ.

Бид завгүй юм шиг явсаар нэг л мэдэхэд 7 хоног, 1 сар, улирал, жил өнгөрсөн байдаг. Юу хийж бүтээснээ эргээд харахаар тийм, ийм гэсэн тоймтой сүрхий ажил харагддаггүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг үгийг хилийн дээс алхаад хүний нутагт ирэхээрээ үнэхээр сайн ойлгож байна. Янз бүрийн хүнтэй уулзаад явж байхад гадаад хэлтэй хүнд л илүү их боломж үргэлж гарч ирж байдгийг мэдэж авлаа.

Та нар минь ядаж академик төвшний хэлтэй биш юм гэхэд ярианы англи хэлтэй байх нь энэ цаг үеийн хамгийн түрүүний энгийн шаардлага юм. Ядаж л гадаадад хаана ч явсан гэсэн хоолоо захиалаад идчихдэг байх хэрэгтэй. Онгоцны тасалбараа өөрөө захиалчих хэмжээнд байвал зүгээр. Хөлсний тэрэгний жолоочид хаана очих гэж байгаагаа ойлгуулж чаддаг байхад ч бас асуудалгүй болно.

Хэл сурах янз бүрийн аргыг бид худлаа л сонирхоод олонд түгээгээд байдгаас биш яг өнөөдрөөс өөртөө шаардлага тавиад хэрэгжүүлж сурах нь чухал шүү. Би хэдийгээр нягтлан бодогч, санхүүч ч гэсэн гадаад хэлтэй байхын чухлыг биеэрээ мэдэрч байна.

Тиймээс манай ТМЗ нар маань ажлынхаа цаг, заваар гадаад хэлийг орхигдуулалгүй шамдан суралцаарай. Хэзээ нэгэн цагт таны ажил, амьдралыг өөрчлөхөд гадаад хэл хамгаас чухал шүү” хэмээн захиж, зөвлөсөн юм

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг