Олон улсын татварын шинэчлэл ба Монгол Улс

  Доктор, профессор Г.Алтанзаяа. МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор,

ТМЗ-ийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. 

altanzaya99@gmail.com

Хураангуй

Олон улсын хэмжээнд татварын асуудлаар дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээний бодлого, баримт бичиг боловсруулж, програм хангамжийг хамарсан үйл явц нь 2000 оноос эхэлсэн бөгөөд 2013 оноос BEPS төсөл хэрэгжиж тэдгээрийг хэрэгжүүлэхэд улс орнууд нэгдэж иржээ. Мөн Татварын ерөнхий газарт хэрэгжсэн төслийн хүрээнд мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, зөвлөмж өгөх зэргээр олон ажил хийжээ. Харин Монгол Улс нь татварын зорилгоор хамтран ажилладаггүй, татварын ил тод бус тогтолцоотой гэсэн шалтгаанаар Европын холбооноос гаргасан хар жагсаалтын нэг улс болсон. Засгийн газар санаачлагатай ажилласны үр дүнд хар жагсаалтаас богино хугацаанд гарсан бөгөөд асуудал ингээд дуусаагүй. Харин олон улсын бодлого, бичиг баримтад нийцүүлсэн татварын шинэчлэл хийх үүрэг даалгавартай болж байгаа юм.

Түлхүүр үг. Олон улсын татвар, BEPS, Олон улсын форум, Inclusive Framework

Оршил

Сүүлийн жилүүдэд татвараас зайлсхийх олон төрлийн бүтэц, арга замыг олон үндэстэн дамнасан томоохон компаниуд ашиглаж байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөр олон улсын татварын асуудалд бодлогын хувьд өндөр шатанд гаргах шаардлага бий болжээ.

Олон улсын түвшинд хамгийн энгийнээр тооцоход $240 тэрбум долларын татварын орлогыг алдаж байгаа. Энэ нь олон улсын түвшний нийт компанийн орлогын татварын 4-10% тэнцэх тоо юм. Хөгжиж буй орнуудын хувьд үүнээс ч илүү болох нь тодорхой. Хөгжиж буй улсууд, түүн дотроо уул уурхайд түшиглэсэн улсуудын хувьд илүү ихээр татварын орлогоо алдаж буйг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага(ЭЗХАХБ)-н зүгээс дүгнэжээ[1].

Олон улсад, татвараас зайлсхийх ба зугтах нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй төдийгүй улс орны хөгжилд саад учруулж байна гэдгийг хүлээн зөвшөөрч, улс үндэстнүүд татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ерөнхий дүрэм(GAAR)ийг хууль тогтоомждоо тусгах эсвэл одоо байгаа дүрэм\код\ээ сайжрууруулах, боловсронгуй болгох ажлууд хийгдэж байна. Мөн татвараас зайлсхийх, зугтахтай тэмцэх зорилгоор улс орнуудын хооронд мэдээлэл харилцан солилцох тогтолцоог бий болгоод байна.

Мэдээлэл харилцан солилцох(Exchange of information)

Олон улсын хүрээнд татвараас зайлсхийх, зугтахтай тэмцэх үйл явцыг 2000 оны эхээр эхлүүлсэн ажээ. Үүнд:

  • 2000 оны эхээр ЭЗХАХБ-ын гишүүн улсууд татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцох талаар тохиролцсон
  • 2008 оноос татвараас зайлсхийх явдлыг багасгахын тулд дэлхий нийтэд татварын ил тод байдлыг бий болгох нь олон улсын байгууллагын нэн даруй шийдвэрлэх асуудал болсон
  • Их 20-ийн санаачлагаар 2009 оны 9-р сард олон улсын форум (Global Forum)-ыг өөрчлөн зохион байгуулсан, мөн Peer Review Group (PRG) байгуулагдсан -2018 оны 1-р сарын байдлаар 30 улсын бүрэлдэхүүнтэй байна[2].
  • Дэлхийн форум нь нийт 2017 оны байдлаар 147 гишүүнтэй бөгөөд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын хүрээнд татварын зорилгоор мэдээлэл солилцооны ил тод байдлыг хангах олон улсын тэргүүлэх байгууллага болсон.
  • Үйл ажиллагаандаа Хүсэлтээр мэдээлэл солилцох (ХМС) стандарт -\exchange of information on request standard (the EOIR standard)\, автоматаар мэдээлэл солилцох (АМС) стандарт - \automatic exchange of information standard (the AEOI standard)\[3] -уудыг баримталдаг байна.

Мэдээлэл солилцох орчинг бүрдүүлэхэд тухайн улс орнууд 1) Банкны хуулийн нууцлалыг өөрчлөх 2) хоёр Засгийн газрын байгуулсан давхар татварын гэрээг дахин авч үзэх, шийдвэрлэх  3) Peer Review Group-ээс хийгдсэн Хяналт-үнэлгээний зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой. 2017 оны байдлаар 49 улс нь автоматаар мэдээлэл солилцож буй ба 2018 онд автомат мэдээлэл солилцох гишүүн улс 100-аас дээш болно гэсэн мэдээллийг гаргасан байна[4].

Олон улсын форум нь ил тод байдал, мэдээлэл солилцох талаархи олон улсын стандартуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүсэлтээр мэдээлэл солилцох болон Автоматаар мэдээлэл солилцоход техникийн туслалцаа үзүүлдэг[5]. Үүнд:

  • Тухайн улс орны хэрэгцээ шаардлагад тулгуурлан гишүүн улсуудын ур чадварыг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих үйл ажиллагаа-тэдний нэгдэх үеийн тойм үнэлгээтэй уялдана.
  • Гишүүдийн дунд тухайн улсыг сурталчилах, бүсийн сургалтын семинар, уулзалтуудыг зохион байгуулж, мэдлэг, мэдээлэл солилцох, үнэлгээний ажилтнуудыг сургах, хянан шалгах зэрэг
  • Гишүүн улсуудад стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэрэгслийг хөгжүүлэх, тухайлбал практик удирдамж, ажлын гарын авлага, хяналтын систем бий болгох гэх мэт.

Татварын суурийг гажуудуулах, ашиг шилжүүлэх (BEPS)

ЭЗХАХБ нь одоогийн олон улсын татварын хууль эрх зүйн орчны сул талуудаас шалтгаалан түүний эсрэг тэмцэх Татварын суурийг гажуудуулах, ашиг шилжүүлэх (BEPS) 15 үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг гаргасан.

BEPS-ийн үйл ажиллагааны багцад нь олон тооны зохицуулалтын стратегиудыг багтаасан бөгөөд үүнийг гаргах болсон шалтгааныг ерөнхийд нь дөрвөн хүрээнд авч үзэж болно.

  • гадаад үйл ажиллагаа болон эх үүсвэрт татвар ногдуулах орлогыг арилжааны бүтцээр дамжуулан бууруулах, нийт ашгийг шилжүүлэх замаар татварын төлбөрийг багасгах.
  • эх үүсвэр талд суутган тооцох татвар бага эсвэл огт байхгүй байх
  • орлого  хүлээн авагчийн түвшинд (татвар багатай улсууд, хөнгөлөлттэй дэглэмүүд, холимог зөрчилтэй зохицуулалтууд) татвар ногдуулахгүй байх, эсвэл бүлэг доторх зохион байгуулалтаар дамжуулан ердийн бус байдлаар ашиг олох
  • эцэг, охин компаниар бага татвар ногдуулах эсвэл ашгийн татвар төлөхгүй байх. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт - үр дүнгүй бэлэн мөнгө болон бага татвартай бэлэн мөнгө болох

BEPS[6] нь ЭЗХАХБ - аас санаачлан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн олон улсын татварын системийг шинэчлэх татварын шударга, шинэ тогтолцоог бүрдүүлэх төсөл юм. Үүнийг олон улсын татварын системд энэ зуунд хийгдэж буй хамгийн том шинэчлэл, BEPS-ийн стандарт журам нь заавал мөрдөх хууль гэхээсээ илүүтэй хуулийн зөөлөн хэрэгсэл.” (soft law legal instruments) гэж үзэж байгаа[7].

BEPS-д албан ёсоор нэгдэхэд “Inclusive Framework” төслийн багт гишүүнээр элсэн орно. Нэгдэн орсноор: Хамгийн бага стандарт\Minimum standards\-ын шаардлагуудад дотоодын татварын тогтолцоог нийцүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай[8]. Үүнд:

    1. Ил тод байдлыг сайжруулах, үндсэн ажиллагаа явагдсан татварын харьяалалыг тогтоох журмыг тодруулах, сайжруулах замаар татвараас зайлсхийдэг зуршилтай тэмцэх (Action 5, harmful tax practices),
    2. Гэрээг булхайцах хэрэгслээ болгон ашиглах явдлыг зогсоох (Action 6, Treaty abuse),
    3. Үнэ шилжилттэй холбоотой баримт, бичгүүдийг бүрдүүлэх, татварын албадуудыг шаардагдах мэдээллээр хангах, татварын тайланг гаргах журам, стандартыг тогтоох  (Action 13, Transfer pricing documentation)
    4. Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмыг боловсронгуй, үр дүнтэй болгох (Action 14, Dispute resolution)

Мөн BEPS-ийн багцыг хүлээн зөвшөөрч, цаашдын хэрэгжилтийг тогтвортойгоор хангах үүрэгтэй болно.

2015 онд Их 20-ийн Анталъяд[9] /Турк/  болсон дээд хэмжээний уулзалтын үеэр сонирхогч бүх улс орны хувьд "Inclusive Framework" -ийг хөгжүүлэх замаар хөгжиж буй орнуудад BEPS-ийн хамгийн бага дөрвөн стандартуудыг хангах болон BEPS-ийн багцын бусад үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах механизмыг бий болгохоор харилцан тохиролцсон.

Inclusive Framework улс орон бүр нэгдэн орж BEPS -ийн багц үйл ажиллагааг тууштай үе шаттайгаар хэрэгжүүлэх ба үүний тулд жилийн хураамжийг төлөх (хөгжиж буй улс орнуудад - бууруулах) шаардлагатай. BEPS-ийг хэрэгжүүлэхэд Inclusive Framework -д бүх улс орны оролцоо, нөлөөлөх байдлыг бүрдүүлэх, үнэлгээ, хяналтад бүх гишүүн оролцох наад захын жишгийг хэрэгжүүлэх, хамтын  үүрэг хүлээх зохицуулалттай ажээ. Улс орон бүрийн татварын тогтолцоо, дотоодын хууль тогтоомж ялгаатай учраас хэрэгжилтийг хянах механизм нь улс орон бүрт өөр байна. 2017 оны сүүлийн байдлаар нийт 108 улс бүртгэлтэй байгаа ба 2017 оны 7-р сарын 6-нд Францын улсын Парис хотод 71 улс BEPS-ийг хэрэгжилтэд татварын гэрээг өөрчлөх, шинэчлэх хэрэгсэл болсон олон талт конвенцид нэгдсэнээ илэрхийлэн гарын үсэг зурсан байна.

 Олон талт конвенц(Multilateral Convention)

 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд ЭЗХАХБ нь Татварын суурийг гажуудуулах, ашиг шилжүүлэхээс хамгаалахад Татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхээр олон талт конвенц[10]-ийн өргөн хүрээний бичиг баримтыг гаргасан. Олон талт конвенц нь BEPS төслөөс үүдэлтэй ба татварын гэрээний өөрчлөлтийг түргэн шуурхай хэрэгжүүлэх зорилготой арга хэмжээ юм. BEPS төсөл нь Цахим эдийн засаг, Гэрээг урвуулан ашиглах, Хянагддаг гадаад компанийн дүрмийн загвар, Биет бус хөрөнгө, Улс орон бүрээрх тайлагнал, Төлөөний газрын статусыг ашиглан татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, маргааныг шийдвэрлэх зэрэг цогц арга хэмжээг хамарч буй болно. Эдгээр олон арга хэмжээг дотоодын хууль тогтоомжийн өөрчлөлтөөр хэрэгжүүлэхээс гаднахоёр талт татварын хэлэлцээрийн өөрчлөлтөөр дамжуулан хэрэгжүүлэлтийг хангах арга хэмжээ юм. Үүний тулд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газар хоорондын хоёр талт давхар татварын гэрээний сүлжээг бий болгох, түүнийг өөрчлөхөд олон талт конвенц нь хэрэгжилтийг хурдтай, тогтвортой, тууштай байдлыг хангахад илүү тохиромжтой хэрэгсэл гэж үзэж байна.

Глобалчлагдаж буй өнөөгийн олон улсын татварын тогтолцоонд олон талт конвенци нь Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхтэй холбогдох татварын гэрээтэй холбоотой үйл явцыг хэрэгжүүлэх арга хэмжээ гэж үзэж буй ба BEPS 15\The Multilateral instrument(MLI)\ үйл ажиллагааны төлөвлөгөө юм. MLI нь өмнө нь зөвшөөрөгдсөн BEPS арга хэмжээг дэмжих, өөрөөр хэлбэл, "техникийн тайлбар"-аар дамжуулан улс орнуудад сонголт хийх боломжийг олгоно. MLI-д төлөөний газар, гэрээг буруугаар ашиглах, маргаан шийдвэрлэлт, холимог зөрчилтэй асуудал зэрэг татвараас зайлсхийх, зугтах арга замууд хамрагдаж байгаа. MLI нь гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болох ба MLI-г үзэглэсэн улсуудын хоёр талт татварын гэрээ нь MLI-аар дамжин өөрчлөгдөж болно. Гэрээг өөрчлөх, өөрчлөхгүй байх нь тухайн хоёр улсын сонголт байна. Давхар татварын гэрээний өөрчлөлтийн үр нөлөө нь MLI-т гарын үсэг зурснаар баталгаажих ба соёрхон батлахад хамрагдаж буй улсуудын ирээдүйн хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлж буй болно. Үүнд дэлхийн татварын 3000 гаруй гэрээ хамрагдах бөгөөд 71 улс гарын үсэг зурснаар татварын 1100 гаруй хэлэлцээрийн ажил эхэлсэн болно. ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гүрриа[11] олон талт конвенцед нэгдэх гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Бид татварын гэрээний түүхийг бүтээх гэж байна. Хоёр талт татварын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах чадвартай анхны олон талт хэрэгсэл бидний өмнө байна” гэж түүний ач холбогдлыг дүгнэжээ.

Энэ бүхэнтэйгээ уялдуулаад ЭЗХАХБ нь Татварын загвар конвенц\Model Tax Convention\д өөрчлөлт оруулсан. Үүний үзэл баримтлал Татварын гэрээнд оролцогч талуудын зорилго бол ерөнхийдөө гэрээний худалдан авалтаар дамжуулан татвараас зайлсхийх, зугтах боломжийг бий болгохгүйгээр давхар татвар ногдуулалтыг устгахад орших тул түүнтэй нийцүүлсэн ажээ.

Монгол Улс

Татварын ерөнхий газарт 2014-2016 онд ЖАЙКА байгууллагаас “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвт төсөлхэрэгжиж ЭЗХАХБ-ын Орлого ба Хөрөнгийн Татварын Загвар Конвенци “OECD Model Tax Convention on Income and on Capital” Монгол хэл дээр орчуулж, олон улсын татварын асуудлаар татварын албаны чадавхийг дээшлүүлэх талаар нэлээд ажил хийсэн бөгөөд 12 удаагийн сургалтад давхардсан тоогоор 430, Япон Улсад 53 татварын улсын байцаагч хамрагдаж, өргөн хүрээний зөвлөмж[12] өгсөн байна. Үүнээс зарим нэгийг дурьдахад:

  • Мэдээлэл харилцан солилцоо хариуцсан туслах ажилтныг томилох,
  • Олон улсын татвар ногдуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Сангийн яамтай зохих хугацаанд тавьж, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ерөнхий асуудал хариуцсан нэгжийг байгуулах,
  • Салбараар ялгаатай олон улсын татвар ногдуулалтын хяналт шалгалтын гарын авлага боловсруулах,
  • ЭЗХАХБ-ын BEPS эцсийн тайланг судалж, татвар төлөгчөөс нарийвчилсан тайлбар шаарддаг баримтжуулалтын асуудлыг яаралтай хуульчилж өгөх зэрэг.

 Мөн Олон улсын валютын сангаас 2017 оны 6-р сард Татварын ерөнхий хуулийн шинэчлэлд өгсөн өргөн хүрээний зөвлөмждөө Татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ерөнхий дүрэм (GAAR)-ийг нэвтрүүлэх, BEPS арга хэмжээтэй холбоотой зохицуулалтыг хууль тогтоомждоо оруулах зэргийг онцлон өгсөн бөгөөд GAAR-ын холбогдолтой баримт бичгийн загварыг жишээтэйгээр боловсруулж өгчээ.

Монгол улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгээс 2017 оны 3-р сарын 30-нд “BEPS Mongolia - 2017”олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. ЭЗХАХБ-аас 2017 оны 5-р сард Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт захидал ирүүлсэн бөгөөд үүндээ ЭЗХАХБ нь анх 2012 онд Монгол Улсын Засгийн газарт Олон улсын Форумд элсэн орох урилгыг ирүүлсэн. Гэвч одоог хүртэл ямар нэг хариу аваагүй талаар дурдсан байна[13]

Харин 2017 оны 12-р сарын 5-нд Европын Холбоо[14] анх удаа татварын хувьд ил тод бус тогтолцоотой, хамтран ажилладаггүй улс орон, бүс нутгийн "хар жагсаалт"-ыг дэлгэсний дотор Монгол Улс багтсан. “Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын олон улсын  форумын гишүүн улс биш. Мөн ЭЗХАХБ-аас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцид нэгдээгүй. Үүнээс гадна "Татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэх" асуудалтай тэмцэх, энэ талаарх стандарт бодлогуудыгихэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж Европын Холбоо тайландаа тусгажээ.

Харин Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээрх уг жагсаалтаас гараад байна. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн нь манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саадгүй болсон гэсэн үг. Европын холбооны зүгээс хар жагсаалт бол үүргээ гүйцэтгэсэн, харин эдгээр улс орнууд татварын шинэчлэлээ хийх ёстой болохыг дурьдсан байна.

Энэхүү хар жагсаалтаас гарснаар бүх асуудал шийдэгдсэн хэрэг биш харин дэлхий нийтийн жишигт нийцэх татварын тогтолцоог бий болгох үүргийг хүлээж байгаа нь Татвартай холбоотой ЭЗХАХБ-аас гарсан бичиг баримтад нийцүүлэн улс оронхоо татварын системийн шинэчлэл хийх, шинэ шатанд гаргах боломж бий болж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл олон улсын татварын хууль эрх зүйн орчинд нийцүүлэн татварын тогтолцоогоо шинэчлэхтэй холбоотой шийдвэр гаргах, холбогдох ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай болж болно. Үүний тулд: Олон улсын форум, Inclusive Framework–д нэгдэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх. Улс орнуудтай байгуулсан Давхар татварын гэрээгээ дахин авч үзэх, хэлэлцэх, Давхар татварын гэрээгээ эсвэл олон талт гэрээг сонгох эсэхээ шийдэх, дотоодын хуулиуддаа шаардлагатай өөрчлөлтийг оруулах, шаардлагатай баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх хугацаагаа товлох зэрэг өргөн хүрээний ажлууд хүлээгдэж буй болно.

Үүний зэрэгцээ Татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ерөнхий дүрэм (GAAR)-ыг хэрэгжүүлэх журам нэвтрүүлэх,түүнтэй холбоотой зохицуулалтыг Татварын Ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжид оруулах \олон улсын болон дотоодын зохицуулалтуудын аль алиныг хамрах\ шаардлагатай.

Дүгнэлт

  1. Олон улсын татварын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй үйл явцад нийцэх, нэгдэх тал дээр Монгол Улсын Засгийн газар санаачлагатай ажиллаагүй, хэнэггүй үйлдэл нь Монгол Улсыг хар жагсаалтад оруулахад хүргэсэнба энэ нь Монгол Улсын төр, засгийн чадамж ямар түвшинд буйг илэрхийлж болно.
  2. Ил тод, шударга бус татварын тогтолцоотой улс орон гэдгээр цоллууланхар жагсаалтад орлоо гэж дэлхий нийтэдзарлуулах нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, түүгээр төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн хямралаа давах зорилтод сөрөг нөлөө үзүүлнэ.
  3. Энэхүү хар жагсаалтад орсон нь өнөөгийн сул талаа засах замаар татварын иж бүрэн шинэчлэл хийх давуу тал, боломж гэж үзэж болно. Үүний тулд олон улсын татварын хүрээнд ЭЗХАХБ-аас гарсан бичиг баримтуудыг эх хэл дээрээ орчуулах, учир утгыг нь ойлгох, мэдэх замаар татварын тогтолцоогоо цогцоор нь шинэчлэх боломжтой.  

Ашигласан материал

  1. BEPS Mongolia – 2017. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал
  2. Sam Sim and Mei-June Soo. Asian Voices: BEPS and Beyond. IBFD. 2017
  3. BACKGROUND BRIEF Inclusive Framework on BEPS. January 2017.
  4. Maikel Evers,Counsellor - BEPS Coordinator, OECD, Paris. An Overview: Some Early Legal and Operational Experiences with MLI under Inclusive Framework & Positions taken by Countries so far since June 7, 2017
  5. Monica Bhatia,Head of Global Forum Secretariat, OECD, Paris (Stand in Speaker: Maikel Evers, OECD, Paris) International Financial Centres and Exchange of Information (including Beneficial Ownership) on request or on automatic exchange
  6. http://www.oecd.org/tax/beps/
  7. Inclusive Framework on BEPS
  8. Multilateral Convention to Implement Tax Treaty Related Measures to Prevent Base Erosion and Profit Shifting : Functioning under Public International Law
  9. Жайка байгууллага “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвттөслийн 2 дахь жилийн эцсийн тайлан. 2016 оны 10 сар.
  10. http://cpta.mn/newsdesc.html?id=231
  11. https://www.theguardian.com/business/2017/dec/05/eu-blacklist-names-17-tax-havens-and-puts-caymans-and-jersey-on-notice

[1]BACKGROUND BRIEF Inclusive Framework on BEPS. January 2017.

[2]http://www.oecd.org/tax/transparency/about-the-global-forum/Peer-Review-Group-Members-2018.pdf

[3]http://www.oecd.org

[4]Maikel Evers,Counsellor - BEPS Coordinator, OECD, Paris. An Overview: Some Early Legal and Operational Experiences with MLI under Inclusive Framework & Positions taken by Countries so far since June 7, 2017

[5]Monica Bhatia,Head of Global Forum Secretariat, OECD, Paris (Stand in Speaker: Maikel Evers, OECD, Paris) International Financial Centres and Exchange of Information (including Beneficial Ownership) on request or on automatic exchange 

[6]http://www.oecd.org/tax/beps/

[7]Sam Sim and Mei-June Soo. Asian Voices: BEPS and Beyond. IBFD. 2017

 [8]Inclusive Framework on BEPS.

[9]Inclusive Framework on BEPS

[10]Multilateral Convention to Implement Tax Treaty Related Measures to Prevent Base Erosion and Profit Shifting : Functioning under Public International Law

[11]http://www.oecd.org/tax/beps/beps-multimedia.htm

[12]Жайка байгууллага “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” сэдэвттөслийн 2 дахь жилийн эцсийн тайлан. 2016 оны 10 сар.

[13]http://cpta.mn/newsdesc.html?id=231

[14]https://www.theguardian.com/business/2017/dec/05/eu-blacklist-names-17-tax-havens-and-puts-caymans-and-jersey-on-notice

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг