Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Миний мэдэх Я.Мишигээ зөвлөх...

mishiglunden

Бусдаар хүндлүүлж, хайрлуулна гэдэг хэн бүхэнд заяагаад байхгүй том аз гэж би хувьдаа боддог. Хүмүүсийг харж байгаад л би өөртөө, дотроо амлалт өгсөн юм. “Насныхаа амралтаа авахдаа энэ хүн шиг сайхан буурал болох юм шүү гэж. Гэр бүлийнхнээрээ хүрээлүүлж, хамт олондоо хүндлэгдээд л.

…Зарим хүнийг хараад ийм л тааруухан ул мөртэй, ямар ч хүндлэл хүртэхгүйгээр бусдад адлуулахаар өтлөхгүй юм шүү” гэж хичээдэг болсон. 

Миний даган дуурайхыг хүсдэг, үлгэр болсон буурлыг Ядмаагийн Мишиглүндэн гэдэг. Монгол Улсын татварын алба, санхүү, татварын системд 40 гаруй жил чанартай ажилласан, намбатай өвөө бий. Бидний учирсан түүх их сонин.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө, залуухан сэтгүүлч миний бие Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн багш нартай ажлын шаардлагаар танилцсан юм. Алаг нүдтэй, авхаалжтай нэгэн бүсгүй хэдэн багш нартайгаа сонины маань газарт байсхийгээд л ирдэг байсан. Түүнийг хүмүүс “Заяа багш аа” хэмээн дуудна. 2004 оны 12 дугаар сарын сүүлч, дүн өвөл байсан санагдана. Тэрээр, “Бидний хэдэн нөхөд Татварын чиглэлээр төрийн бус байгууллага байгуулж байгаа юм. Чи сэтгүүлч учраас манай хэвлэл, мэдээллийг хариуцаж олон нийтэд зөв мэдээлэл түгээмээр байна. Хүмүүс энэ талаар сайн мэдээлэлгүй учраас дэмжлэг хэрэгтэй байна” гэж билээ. “Би арай залуу, бас туршлагагүй сэтгүүлч. Олон жил ажилласан нэртэй сэтгүүлч нараас та авч ажиллаач” гэж намайг эмээн цааргалахад Заяа багш “Чи худалдааны сургуулийг дарга нарын хуйвалдаанаас аварч чадсан. Бид итгэж болохоор хүн гэж шийдсэн. Чамаас өөр гарц байхгүй” гэж тулгаж билээ. Ингэж би Г.Алтанзаяа багш болон Я.Мишигээ даргатайгаа хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэхүү түүхийг дурссаны учир нь гурван цагийн төлөөлөл, хэлхээс бид хэрхэн залуу үедээ итгэж, бэлтгэж, ахмадуудаасаа суралцаж, баг, хамт олныг яаж өнөөдрийн эл зэрэгт хүргэсний тайлал болог хэмээн бяцхан дурсамжаа өгүүлж сууна.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийг байгуулж өнөөдрийн зэрэгт хүргэхэд тэдний маань оюуны чадамж, олныг оройлон ажиллах чадвар, бусдад өгсөн агуу их итгэл, сэтгэл ямар хэмжээнд байсныг олон түмэн өөр, өөрийнхөөрөө таньсан биз ээ. Нэг ширээ, сандалтайгаар түрээсийн өрөөнд ажлаа эхлүүлж байсан дарга нар маань өнөөдөр бусдын үлгэр дуурайлал болж, хүндлэлийг хүртэх эрхтэй юм. Татварын итгэмжлэл, итгэмжлэгдсэн зөвлөх гэдэг үгийг Монгол Улсад тэр бүр хүн сонсоогүй, дуулаагүй байхад шинэ ажлыг зориглон эхлүүлж, өнөөдөр салбарт маань олон мянган ажлын байрыг нэмэгдүүлж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжийн тоо олширсон сайхан үр дүн тэдний минь хөлс, хүч, хөдөлмөр хэмээн би хувьдаа боддог юм.  

Өрсөлдөөнт энэ нийгэмд хамт олон, багийг бүрдүүлэн хөгжилд хөтлөх үнэхээр амаргүй. Энэ том ажлын ард гарч чадсан, бидний үлгэр, дуурайлал болсон  хүндтэй эрхэм бол Я.Мишигээ зөвлөх юм. Залуу, хойч үедээ бид түүх, уламжлалаа дамжуулан өгөх үүрэгтэй. Тэрхүү үүргийн нэгээхэн хэсэг нь “Татварын бүртгэл 2017” олимпиад юм. Тиймдээ энэүү том цараатай ажлаа Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, татварын итгэмжит зөвлөх Я.Мишиглүндэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ. Хамт олноороо ийм шийдэлд хүрсэн нь ахмад залуу үеийн хэлхээ, харилцааг зөв залах гэсэн Ц.Болормаа захирлын ажлыг харах өнцөг, бас нэг сайхан түүхийн эхлэл боллоо. Ажлын амжилт гарч, хөврөхөөрөө улам л сайхан түүхийг бүтээдэг жамтай. Магадгүй таны ажлын сайхан түүх удахгүй бидэнд урам, зориг өгч шинэ үйлийн эхлэлийг тавих ч юм билүү. Амьдрал цаашид хэрхэн сайхан түүхээр үргэлжлэн, өрнөхийг бид таашгүй.

Сэтгүүлч Д.Мягмар  

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг