Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

АРАВДУГААР БҮЛЭГ
ҮНЭТ ЦААС, БАНК, САНХҮҮ, ГААЛЬ, ТАТВАРЫН ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ

10.19 дүгээр зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, зардал, бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн, нягтлан бодох, анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгасан, нуусан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, засварласан, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгосон, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийсэн, хуурамч өглөг үүсгэсэн, хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл, эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 3.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 6.Татварын хуульд заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй; хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй; хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй; тогтоосон хугацаанд мэдэгдэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 7.Татвар төлөгч байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон; татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй; шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа газраа мэдэгдээгүй; эрх бүхий байгууллагаас эцэслэн тогтоосон төлбөл зохих татвар, алдангийг төлөөгүй бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 8.Хуулийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

эх сурвалж: www.legalinfo.mn

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг