Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын гуравдугаар чуулган маргааш “Чингис” зочид буудалд болно.

Энэхүү чуулган нь татварын мэргэшсэн нягтлан бодогч, компанийн санхүү эрхэлсэн захирал, ерөнхий нягтлан бодогч зэрэг татварын хууль тогтоомжийн талаар цаг үеийн мэдээллийг авч, өөрт тулгарч буй асуудлаа хэлэлцэхэд зориулагдсан аж.

Энэ удаагийн чуулганаар зарим татварын хуулийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлуудын хүрээнд хийгдсэн судалгааг олон нийтэд таниулах, татварын алба болон холбогдох төрийн байгууллагуудын баримталж буй бодлого шинэчлэлийг олон нийтэд түгээхийг зорьж байгаа юм байна.

“Өмнөх чуулгануудаар Монгол Улсын татварын тогтолцоонд тулгарч байгаа асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдэх гарцыг хайсан татварын мэргэжилтэн, судлаачдын илтгэлүүд, онол практикийн санал дүгнэлтүүдийг хэлэлцэн тодорхой санал санаачлагууд гарсан бөгөөд тэдгээр нь татварын хуулийн шинэчлэлд зохих ёсны хувь нэмрээ оруулсан. Мөн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын Монгол Улсын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үр нөлөөг олон нийтэд таниулах, татварын шинэчлэлийн бодлого, олон улсын татварын гэрээг хэрэгжүүлэхэд болон татварын зарга, маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, олон улсын сайн практик туршлагын талаар ярилцаж, мэдлэгээ хуваалцсан” хэмээн Зөвлөх үйлчилгээний менежментийн хорооны дарга М.Уянга онцоллоо.