ЭЗХАХБ-аас ТМЗ-д Ирүүлсэн Захидал

Манай улсын эдийн засгийн уналт, нийгмийн хөгжлийн хоцрогдлын гол нэгэн шалтгаан бол гадагш гарч буй мөнгөний урсгал үүн дундаа оффшор дансны асуудал билээ. Оффшорын асуудал зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр ирсний улмаас энэ асуудал олон улсын түвшинд хэлцэгдэж 2009 оноос нэгдсэн цогц байдлаар шийдэх шийдэлд хүрсэн. ЭЗХАХБ-аас (OECD) санаачлан хэрэгжүүлж буй дэлхийн 141 орныг нэгтгэсэн Глобал Форум (Global Forum) өнөөдөр оффшорын асуудалд цэг тавих бүрэн шийдэл болж чадсан юм. Глобал Форумд нэгдэн орсон улсууд өнөөдөр өөр хоорондоо банкны харилцагчдынхаа мэдээллийг “хүсэлтийн дагуу” шууд солилцож байгаа нь эдгээр улсуудын алинд ч олон улсын түвшинд толгойны өвчин болсон оффшор данстан нуугдах, бохир эх үүсвэртэй мөнгөө нуух нөхцөл үгүй болсон. Бохир эх үүсвэртэй хөрөнгө, татвараас зугтаалгасан мөнгөө нуудаг оффшор данстай иргэдээ илрүүлье, хууль бус хөрөнгийг буцаан татья гэж санасан, хүссэн улсын засгийн газар бусад улсууд руу хандаж хүсэлт гаргахад л банкны харилцагчдын бүх мэдээллийг авах боломжтой.  2018 оноос эхлэн асуудал бүр хялбар болж байгаа бөгөөд оффшорчдын мэдээллийг авахыг хүссэн улс албан ёсны хүслэт гаргах шаардлагагүй харин улс орнууд өөр хоорондоо банкны харилцагчдын мэдээллийг автоматаар солилцох юм.  Тиймээс Монгол улс Глобал Форумд элсэн орсноор оффшорын асуудлыг  цогцоор нь шийдэх бүрэн боломжтой болох юм.  

Оффшор бол үнэндээ хөгжилтэй улсууд гэхээсээ хөгжиж буй улсуудад  илүү хохирол учруулдаг. Өнөөдөр Монголоос 50 гаруй оффшор данстангууд илрээд байна. Цаана нь хэд байгааг мэдэхгүй, гэхдээ манай засгийн газар хүсвэл мэдэх бүрэн боломжтой. Дэлхийн 141 улс нэгдэн орсон Глобал Форумд Монгол улс одоог болтол нэгдэн ороогүй байгаа нь хэн хүний хачирхалыг төрүүлж байна. Элсэлтийн хураамж ердөө л 15,300 Евро бөгөөд манай улсын ерөнхий сайд, сангийн сайд, гадаад хэргийн сайд, эсвэл хэн нэгэн эрх бүхий албан төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулснаар тус форумын гишүүн болох аж. Саяхан ЭЗХАХБ-аас Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгт захидал ирүүлсэн бөгөөд үүндээ ЭЗХАХБ нь анх 2012 онд манай засгийн газарт Глобал Форумд элсэн орох урилгыг ирүүлсэн, гэвч өдийг хүртэл ямар нэгэн хариу аваагүй талаар дурдсан байна. Гэвч энэ мэдээлэл манай улсын холбогдох яам тамгын газар, төрийн байгууллагуудын хүрээнд ч огт яригдалгүй дарагдсан байна.  Тийм ч учраас өнөөдөр манай зарим эдийн засагчид, судлаачид, улс төрчид, АТГ, цагдаагийн ажилтнууд “оффшор бол шийдэгдэх боломжгүй асуудал, оффшортнуудын мэдээллийг олох боломжгүй, нууцлалтай” хэмээн олон түмэнд ухуулж мэдэн будилсаар байгаа юм.

ЭЗХАХБ-ын ажлын албанаас ТМЗ нийгэмлэгт ирүүлсэн захидалд Монгол улсыг Глобал Форумд элсэхийг зөвлөөд, бүхий л хөнгөлөлт болоод техникийн тусламжийг үзүүлнэ гэдгээ амалсан байна. Гэвч Глобал Форумд элсэн орох асуудлыг засгийн газар л шийднэ. Харин манай засгийн газарт оффшорт нуугдсан хөрөнгөө татаж дампуурч буй эдийн засгаа сэргээх хүсэл зориг байна уу?

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг