“BEPS Mongolia 2017” Олон Улсын Хурлаас Гарсан Санал, Дүгнэлт

      "BEPS Mongolia 2017" олон улсын хурал амжилттай болж өнгөрлөө. Илтгэл тавьж идэвхтэй оролцсон гишүүдэд ТМЗ нийгэмлэгээс талархал илэрхийлье. Хуралд нийт 150 гаруй санхүү, татварын мэргэжилтнүүд оролцож олон улсын татварын нөхцөл байдалтай танилцаж, Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах ажиллагааны талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн үр дүнтэйгээр хурлыг өндөрлүүлэв. Бүтэн өдөр үргэлжилсэн хуралд нийт 19 илтгэл тавигдсан.

 Олон нийтээс хамгийн өндөр үнэлгээ авсан илтгэлүүд:

  • А.Баттулга, "БДО ТАКС ТМЗ" ХХК-ийн партнер
  • Д.Энхсайхан, "Кэй Пи Эм Жи Такс ТМЗ" ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Х.Минжин, "Кэй Пи Эм Жи Такс ТМЗ" ХХК-ийн менежер
  • С.Сайнсанаа, "Кэй Пи Эм Жи Такс ТМЗ ХХК-ийн менежер

Хамгийн сонирхолтой, бодит амьдралаас жишээ авсан илтгэл:

  • Ё.Энхтүяа, Баянзүрх дүүргийн Татварын алба

Хурал дээр тавигдсан илтгэлүүдийг татаж авахыг хүсвэл энд дарна уу

“BEPS Mongolia 2017” Олон улсын татварын хурлын зураг үзэхийг хүсвэл энд дарна уу

     Хурлаар олон улсын татварын системд буй гажуудал, дутагдал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон бөгөөд хөгжлийн түвшингээс үл хамааран дэлхийн бүхий л улс орнуудын эдийн засагт ихээхэн сөрөг үр дагаварууд авчираад буй BEPS асуудлыг хэлэлцэж энэхүү асуудал манай улсад ч мөн тулгамдсан асуудал болсныг хүлээн зөвшөөрсөн.

     Үндэстэн дамнасан компаниудын ажиллагаанаас хамгийн их хохирдог нь хөгжиж буй орнууд, үүн дундаа уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засагтай улсууд бөгөөд эдгээр улсууд татвараас зугтах BEPS ажиллагааны тааламжтай талбар болдог. Хөгжиж буй бөгөөд уул уурхайгаас хэт хараат эдийн засагтай улсын хувьд Монгол улс үндэстэн дамнасан корпорацуудын Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах ажиллагаанаас ихээхэн алдагдал хүлээж буй улсуудын нэг мөн гэдгийг тодорхой баримтуудаар баталгаажуулсан нь энэхүү хурлын гол ач холбогдол байсан юм.

      Хурлаас Монгол улсыг ЭЗХАХБ-ын санаачилан хэрэгжүүлж буй “BEPS” төсөлд нэгдэн орж Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах асуудалтай тэмцэх ажиллагааг даруй эхлүүлэх нь үндэсний эрх ашигт нийцтэй гэж дүгнэв. BEPS-д нэгдэн орохын тулд бид тодорхой стратег боловсруулан шат дараалсан алхамуудаар хэрэгжүүлэх шаардлага буй юм. Үүнд эн тэргүүнд:

  1. BEPS судалгааны баг байгуулах
  2. Олон улсын татвараар мэргэшсэн татварын улсын байцаагч нарыг олшруулах
  3. Олон улсын татварын сургалтуудыг гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, сургалтыг чанаржуулах ажлууд орж буй юм.

Хурлаас гарч буй санал шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр ТМЗ нийгэмлэг холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах болно.

2017-04-03

 

ӨМНӨХ МЭДЭЭ

 

ТМЗ нийгэмлэгээс зохион байгуулсан “BEPS Mongolia 2017” Олон улсын татварын хурал амжилттай болж өнгөрлөө.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг