“Татвар & Бизнес” Сэтгүүл Олон Улсын Нэгдсэн Системд Бүртгэгдэв

ТМЗ нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Татвар & Бизнес” сэтгүүл нь татварын салбарт буй мэргэжлийн ганц сэтгүүл бөгөөд сэтгүүлийн редакцаас саяхан ISSN, олон улсын стандартын дугаарыг албан ёсоор хүлээн авлаа. ISSN төв нь Францын нийслэл Парис хотноо байрладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтмол хэвлэлүүдийг бүртгэн авдаг олон улсын нэгдсэн төв бөгөөд улс орнуудад тогтмол гардаг хэвлэлүүдийг бүртгэн авч найман оронтой тоо бүхий бүртгэлийн таних тэмдгийг олгож датабаздаа оруулдаг. Энэхүү ISSN бүртгэлийн дугаарыг авсан хэвлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буй хэрэг бөгөөд дэлхий даяарх мэдээлэл, датаны эх үүсвэрүүд болох номын сангууд, мэдээллийн сангуудад  ISSN дугаараараа бүртгэгдэх боломжтой юм. Бүртгэлийн дугаарыг бичих хэлбэр нь ISSN түүний араас найман оронтой тоог залгуулан бичнэ. Манай “Татвар & Бизнес” сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар нь ISSN 2519-1918.

ISSN бүртгэлийн дугаартай болсноороо бид цаашид сэтгүүлээ чанарын өндөр түвшинд гаргаж олон улсад татвар, бизнесийн мэргэжлийн хүрээнд танигдах хэвлэл болгон өргөжүүлэх өргөн боломж нээгдэж буй юм. Бид дараачийн дугаараасаа эхлэн сэтгүүлээ ISSN 2519-1918 бүртгэлийн дугаартайгаар хэвлэх бөгөөд сэтгүүлд хэвлэх материалуудад--нийтлэлүүд, судалгаа, эрдмийн бүтээлүүд, ярилцлага, тэмдэглэлүүд г.м.—тавих шалгуурууд, нөхцлүүдийг шаардагдаж буй чанарын түвшиндээ нийцүүлэн өөрчилнө.

ISSN олон улсын бүртгэлийн системд бүртгэлтэй хэвлэлд нийтлүүлсэн бүтээлүүд нь бусад судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүдийн эрдмийн бүтээлүүдэд ишлэл/reference болон орох илүү өргөн боломжтой бөгөөд ишлэл, мэдээллийн credibility буюу “найдвартай” эх үүсвэр болж буй юм. Тиймээс олон улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн төвд бүртгэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Татвар & Бизнес” мэргэжлийн сэтгүүлд дурдагдах, эрдмийн бүтээлүүдээ нийтлүүлэх нь судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хувьд нэр төрийн хэрэг юм.

 

“Татвар & Бизнес”

Сэтгүүлийн Редакц

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг