AOTCA-2018 Хурал Улаанбаатар хотод болно.

AOTCA-2018 Хурал Улаанбаатар хотод болно.

2016 оны 10-дугаар сарын 6-7 өдрүүдэд Гонг Конгод болж өнгөрсөн AOTCA-2016 (Asia-Oceania Tax Consultants’ Association—Aзи Номхон Далайн Татварын Зөвлөх Холбоо) хурлаас АОТСА-2018 хурлыг Монгол Улсад, Улаанбаатар хотод хийхээр шийдвэрлэсэн.

Улаанбаатарт болох AOTCA 2018 хурлыг Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэг (ТМЗ) зохион байгуулах бөгөөд энэхүү нэр хүндтэй хурлыг эх орондоо хийх эрхийг олж авсандаа бид туйлын баяртай байна. AOTCA 2018 хурлыг зохион байгуулах эрхийн төлөө Хятадын Шанхай, Бээжин, Энэтхэгийн Дели зэрэг томоохон хотуудын дэмжлэгтэй, тэдгээр улсуудын АОТСА холбооны гишүүн, татварын мэргэшсэн зөвлөх байгууллагуудтай өрсөлдөж ялалт байгуулсан Монголын ТМЗ нийгэмлэг болоод эрхийг авах ажлыг гардан гүйцэтгэсэн ерөнхийлөгч Г.Алтанзаяад баяр хүргэж байна.

Энэхүү нэр хүндтэй олон улсын хурлыг нутагтаа зохион байгуулах эрхийг олж авсан нь нэр төрийн хэрэг боловч үүнтэй уялдаад томоохон үүрэг, хариуцлага дагалдаж, ажлын ачаалал ихээхэн нэмэгдэж   буй гэдгийг бид ойлгож байна.  АОТСА 2018 хурлыг чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу амжилттайгаар зохион байгуулах нь бидний зорилго бөгөөд ТМЗ нийгэмлэгийн гишүүн бүрийн үүрэг мөн.

ТМЗ нийгэмлэгийн зүгээс хурлын бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон бөгөөд хамгийн түрүүнд хурлыг зохион байгуулах өдрийг товлох асуудал юм. AOTCA 2018 Хурлыг 2018 оны 9-дүгээр сарын 20-24 өдрүүдэд Улаанбаатар хотод хийхээр урьдчилсан байдлаар товлоод байгаа бөгөөд АОТСА холбооны Ерөнхий Зөвлөлдөх хороо баталсны дараа хүчин төгөлдөр болох юм. Жил бүр 10-дугаар сарын эхний долоо хоногуудад хийгддэг хурлыг бид 9-дүгээр сарын сүүлээр хийхээр товлосон нь Монголын цаг агаарын байдал, намар эрт хүйтэрдэгтэй холбоотой бөгөөд энэ талаар АОТСА Ерөнхий Зөвлөлдөх хорооны удирдлагуудтай зөвшилцсөн болно.

Тиймээс АОТСА хурлыг хийх өдрүүдын тов батлагдана гэдэгт бид итгэлтэй байна. Бид цаг үеийн мэдээллийг хугацаа алдалгүй хүргэж байх болно.

Бид Монголын ТМЗ нийгэмлэгийн гишүүд та бүхний дэмжлэг, холбогдох газрууд, мэргэжлийн байгууллагуудын туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд АОТСА 2018 хурлыг амжилттайгаар зохион байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг