Олон улсын татварт тулгамдаж буй асуудлууд ба BEPS
Даяарчлал эрчимтэйгээр өрнөж буй энэ цаг үе нь улс орнуудад улс төр эдийн засгийн бүтэц, хүчин чадлаасаа хамаараад эерэг, сөрөг нөхцлүүдийг бий болгож буй бөгөөд улс дамнасан корпорацуудын хувьд ихээхэн ашигтай эерэг нөхцлүүдийг нээж өгсөн юм. Учир нь улс орон дамнасан үйл ажиллагаа явуулж буй корпорацуудын хувьд орлогоо дарагдуулах, татвараас зайлсхийх, ашгийг зувчуулах илүү хялбар орчин бий болсон бөгөөд харамсалтай нь энэ шударга бус үйлдлийг зогсоох эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа нь өнөөдрийн олон улсын татвар дахь гол асуудал юм. Олон улсын татварын систем цаг үеэсээ хоцрогдсон, шаардлагыг хангахгүй болж байгаа ньорчин цагийн шалгуурт нийцсэн цогц бүтцийн өөрчлөлт нэн хэрэгтэйг илтгэж байгаа юм. Олон улсын татварт бий болсон энэхүү асуудал нь дэлхийн улс орнууд болоод холбогдох талуудын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХ) анхлан асуудлыг судалж шийдвэрлэх BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах (асуудал)”төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хоёр жил гаруйн хугацаанд судалгааны түвшинд хэрэгжсэн уг төсөл 2015 оны 10 сард үр дүнгийн тайлан болон олон улсад хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг гаргасан.
 
BEPS-ийн зорилго, цар хүрээ
Дэлхийн бүх улс орнуудыг хамруулах зорилготой, одоогоор 90 гаруй улсын оролцоотойгоор боловсруулагдаж буй BEPS нь олон улсын татварын тогтолцоог үндсээр нь шинэчилж татварын шинэ систем, стандартыг бий болгох зорилготой зууны гэж хэлж болох өөрчлөлт бүхий ач холбогдолтой төсөл юм. Төслөөс хэрэгжүүлэхээр зорьж буй өөрчлөлт, татварын шинэчилсэн системийн үндсэн агуулга нь улс дамнасан корпорацуудын ашиг орлогоо татваргүй, эсвэл бага татвартай орчин луу шилжүүлэх замаар ашгийг зувчуулах явдлыг зогсоох бөгөөд үүний тулд энэхүү шударга бус үйлдэлд боломж олгож буй олон улсын татварын хууль, эрх зүйн орчинд буй цоорхой, орон зайг бөглөх асуудал юм. Өдгөө олон улсын түвшинд улс дамжсан корпорацуудын татвараас зугтаж, ашгийг зувчуулснаас учирч буй хохирол хамгийн даруухан хэмжүүрээр $100-240 тэрбум доллар буюу нийт компанийн орлогын татварын (Global Corporate Income Tax) 4-10 хувьтай тэнцэх хэмжээнд хүрээд байгаа юм. BEPS төслийг хэрэгжүүлэх нь дэлхийн бүх л улс орнууд, ялангуяа хөгжиж буй улсуудын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд энэ ч үүднээс OECD-ээс төслийн шат шатны хэлэлцүүлэгт сонирхогч талууд, улс орнуудыг хөгжлийн түвшингээс үл хамааран адил, тэгш эрхтэйгээр оролцож санаа оноог нь тусгасан эрх зүйн орчинг бүрдүүлэхэд боломжоор ханган ажиллаж байгаа юм. Одоогоор төслийн ажлын явц нь шинэчилсэн системийн суурь бүтэц, үйл ажиллагааны чиг хандлага, цар хүрээг тогтоон олон улсын түвшинд хэлэлцүүлэх шатандаа явагдаж байна.
 
BEPS гэж юу вэ?
BEPS нь олон улсад дагаж мөрдөх журам, эрх зүйн орчин бөгөөд төслийг хүлээн зөвшөөрсөн улс орнууд өөр өөрийн холбогдох хууль, дүрмүүдэд нийцүүлэн тусгаж хэрэгжилтийг хангана. OECD-тодорхойлсноор хуулийн зөөлөнхэрэгсэл, татвараас зайлсхийх асуудлыг зогсоох арга, механизмын сайжруулсан хэлбэр.

BEPS хэрхэн, яаж бий болов?

Улс дамнасан корпорацуудын хувьд өмнө нь улс болгон татвар ногдуулах замаар давхар татварт нэрвэгдэж, OECD энэ л давхар татварын асуудлыг арилгахын төлөө ажилладаг байсан бол харин өнөөдрийн олон улсын татварын эрх зүйн орчин нь корпорациудын хувьд давхар татвар төлөх биш харин давхар давхраар татвараас чөлөөлөгдөх болсон. Тиймээс OECD-гийн хувьд оролцогч талуудын аль альных нь саналыг харгалзан үзсэн татварын шинэ, шударга системийг бий болгох шаардлага гарч ирсэн.

BEPS-ийн үр дүн, ач холбогдол, хэрэгжилт

Улс дамнасан корпорацуудын олон жилийн турш татвараас зайлсхийж ирсэн нь олон нийтийн зүгээс олон улсын татварын системд итгэх итгэлийг ихэд бууруулсан. BEPS төслийн хэрэгжилт нь татварын системийн шударга тогтолцоонд итгэх итгэлийг сэргээх, бий болгоход хувь нэмрээ оруулна. Нөгөө талаас улс орон болгон асуудалд өөр, өөрийн өнцгөөс хандаж байгаа нь олон улсын татварын системийн нэр хүндийг бууруулж, үйл ажиллагааны цар хүрээг хумиж, эрчийг сулруулсан нөлөөтэй, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтад тодорхой бус, татварын эрсдэлтэй орчныг бий болгож байгаа тул асуудалд нэгдсэн нэг өнцгөөс хандах тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаардлага болж буй юм. BEPS төслийг баталснаар OECD-гээс олон улсын татварт үнэ шилжилт болоод давхар татварын асуудлыг зохицуулхаар баталж хэрэгжүүлсээр ирсэн өөрбаримт бичгүүд болох Transfer Pricing Guidelines (1979)—Үнэ Шилжилтийн Заавар, ба Model Tax Conventionon Income and Capital(1977) Орлого болон Хөрөнгийн Татварын Жишиг Загвар, Гэрээ (давхар татварыг зохицуулсан журам товчоор Model Tax Convention)-ний дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах шаардлага гарна гэсэн үг. BEPS-ээс санал болгож буй өөрчлөлтүүдээс “Үнэ Шилжилтийн Заавар”-т (Transfer Pricing Guidelines) хамрагдаж буй хэсэг нь шууд тусгагдан хэрэгжих бол Татварын Жишиг Загвар, Гэрээ-нд (Model Tax Convention) хамаатай өөрчлөлтүүд нь ирэх жил хийгдэх олон талт хэлцэл, зөвшилцлөөр шийдэгдэх аж. Өнөөгийн татварын системд байгаа алдаа, дутагдлыг засах, татвараас зугтах, ашгийг зувчуулах байдлыг зогсоох үүднээс BEPS төсөл 15 акц, төлөвлөгөөг санал болгож байгаа бөгөөд улс орнуудын хувьд эдгээр нэг талаас акц төлөвлөгөө,нөгөө талаас зөвлөмжүүдийг дотоодын хууль эрх зүйн орчиндоо нийцтэйгээр тусган оруулах сонголт байгаа юм.

Монгол улс ба BEPS

BEPS төлөвлөгөө манай улсын хувьд харьцангуй шинэ асуудал. BEPS-ийн хүрээнд хөндөгдөж буй асуудлууд, хамарч буй цар хүрээг харахад улс дамнасан корпорациудтай тулан ажиллаж буй улсууд, ялангуяа уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт давамгайлсан хоцронгуй хөгжилтэй улсуудын хувьд нэн чухал төсөл гэдэг нь тодорхой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улс BEPS төсөлд хамрагдаад байгаа ба эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгдөж байгаа улсуудын нэг төлөөлөл болох Монгол улсын хувьд идэвхитэй оролцож, санал санаачилгаа хүргэх нь чухал юм. BEPS хэдийгээр олон улсын татварт буй гол асуудлуудыг хөндөж олон сайхан зүйлсийг “амалсан” харагдаж буй ч ямар үр дүн өгөх нь улс болгонд өөр, өөр байж болох бөгөөд үр дүн нь улс орнууд BEPS-ийг хэрхэн яаж хүлээн авах, 15 акцыг ямар хэлбэрээр тусган хэрэгжүүлхээс шууд хамаарна. Тиймээс BEPS төслийг хэрэгжүүлснээр бий болох үр ашгийг хамгийн дээд зэрэгт хүргэхийн тулд төслийг маш сайн судалж, Монголынхоо онцлогт тохирсон, дотоодын хууль эрх зүйн орчиндоо хамгийн нийцтэй хэлбэрээр тусган оруулах шаардлагатай байгаа юм. Энэхүү төслийн хэрэгжилтэд судалгаа хийлгүйгээр хөнгөн хандах нь эерэг үр дүн, ашиг хүртэх биш харин эсрэгээрээ улс дамнасан корпорациудын эрхшээлд нэг мөсөн орох эрх зүйн орчинг бүрдүүлэх эрсдэл байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад маш олон хэрэгтэй, хэрэггүй олон талт болоод хоёр талт олон улсын гэрээнүүд хийгдсэн. Уул уурхай гэсэн ганцхан салбараас хараат тогтолцоо бүхий, багаахан хэмжээтэй эдийн засагтай манай улсын хувьд энэхүү гэрээнүүдээс үүдэлтэйгээр учирч буй хохирлууд багагүй төдийгүй эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэх хэмжээнд хүрээд байгаа. Тухайлбал “Хаан Ресүрс ба Монголын Засгийн газар” (2015), Недерланд & Монгол давхар татварын гэрээ (2014) гэсэн гэрээнүүдээс учирсан $100 сая долларын төлбөр гээд зах зухаас нь дурьдаж болно. Манай засгийн газрын зүгээс улс дамнасан корпорациудтай уул уурхайн салбарт хийсэн гэрээнүүдэд нууцлаг байдлаар ихээхэн тусгагддаг “дотоод худалдаа, менежментийн төлбөр, толгой компанийн зардал, удирдлагын зардал” гэх мэтийн үнийг шилжүүлэх, зардлыг үндэслэлгүйгээр өсгөх замаар татвараас зайлсхийж, ашгийг зувчуулдаг асуудлыг зогсоох, үгүй гэхэд багасгах боломж бидэнд байна. BEPS төсөл нь олон улсын татварт зуунд гараагүй өөрчлөлтийг тусгасан, татварын системийг үндсээр нь өөрчилж буй ач холбогдолтой бол Монгол улсын хувьд өөрийн онцлогийг тусгасан, үр ашигтай хэлбэрээр тусган хэрэгжүүлж чадвал эдийн засгийг хямралаас гаргах, тогтвортой хөгжлийг хангахад ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг