АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН 14-дэх ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН БАГА ХУРАЛ 2016

АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН 14-дэх ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН БАГА ХУРАЛ 2016

Ази Номхон Далайн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо (AOTCA) 14-дэх удаагийн олон улсын бага хурлаа 2016 оны 10-дугаар сарын 5-7 өдрүүдэд Гонконгод амжилттайгаар зохион байгууллаа.

Гонконгийн олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд хуралдсан ээлжит хуралдаанд Монголын Улсын Татварын Мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийг төлөөлөн ерөнхийлөгч Г.Алтанзаяа тэргүүтэй манай гишүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаан нь олон улсын татварын орчин бүхэлдээ өөрчлөгдөж тэрхүү өөрчлөлтөд зохицсон татварын шударга, шинэ тогтолцоог бий болгоход хувь нэмэрээ оруулах зорилготойгоор хуралдаж байгаагаараа онцлогтой юм.

Хуралдаанаар “Post BEPS, Opportunities and Challenges” буюу “BEPS-ийн дараахь Боломж ба Сорилууд”сэдвийн дор явагдсан бөгөөд олон улс дахь үндэстэн дамнасан корпорацуудын ажиллагаа, татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулах асуудлууд болоод “BEPS-15 Ажиллагаа” зөвлөмжийг AOCTA гишүүн орнууд хэрхэн хүлээн авсан талаар хэлэлцэв.

Даяарчлал эрчимжсэн сүүлийн жилүүдэд олон улсын татварт үндэстэн дамнасан компаниудын татвар төлөлт, татвараас зайлсхийх асуудал хамгийн халуун сэдэв болсоор байгаа билээ. Энэ ч үүднээс олон улсын түвшинд хэд, хэдэн  мэргэжлийн болоод бусад олон улсын байгууллагууд уг асуудлыг дагнан судалж гарц гаргалгаа, шийдэл, зөвлөмжийг эрэлхийлсээр ирсэн. Эдийн Засаг, Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллагаас (OECD) 2015 оны 10-сард гаргасан “BEPS-15 Ажиллагаа” (Base Erosion, Profit Shifting—Татварын Суурийг Багасгах, Ашгийг Зувчуулах) төсөл нь олон улсын татварт татварын шударга системийг бий болгох, тулгамдаж буй асуудлуудаар дэлхийн улс орнуудад зориулан гаргасан зөвлөмж юм. OECD-ээс хэрэгжүүлж буй энэхүү“BEPS-15 Ажиллагаа” төсөл нь Олон улсын татварын хууль, эрх зүйн зохицуулалтад хийгдэж буй татварын системийг үндсээр нь өөрчлөх, татварын шинэ дэвшилтэт стандартыг тогтоох, зууны шинэчлэл болсон ач холбогдолтой.

АОТСА нь мэргэжлийн байгууллагын эрх үүргийнхээ хүрээнд олон улсын татварын тулгамдсан асуудлууд, шийдлүүд болоод BEPS төслийн хэрэгжилтийн явцыг анхааралтай ажиглан бусад мэргэжлийн байгууллагууд, Европ, Латин Америкийн татварын нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээсэн байна. 

Хуралдаанаар дараачийн 2017 оны АОТСА-гиин 15-дахь олон улсын бага хурлыг Филлипины Манила хотод 10-сарын 18-20 хугацаанд зохион байгуулахаар тогтсон байна.

Монголын ТМЗ нийгэмлэгийн хувьд хамгийн ОНЦЛОХ мэдээ нь АОТСА-гиин 2018 оны 16-дахь хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр шийдсэн асуудал юм.

Энэхүү нэр хүндтэй олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан Монголын ТМЗ нийгэмлэгийн нийт гишүүд, дэмжигчид болоод нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны хамт олондоо баяр хүргэе!

      

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг