ГТЕГ, ТМЗ нийгэмлэг, ГТЕГ-ын дэргэдэх Ахмадын хороо хамтран ажиллахаар боллоо

Гааль, Татварын Ерөнхий Газар , Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, ГТЕГ-ын дэргэдэх Ахмадын хороо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах тухай гурван талт гэрээний тухай

Монгол Улсын Гааль, татварын эрх зүйн байдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль, Гааль, татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, тэргүүлэх чиглэлд заасан орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, гааль, татварын харилцаанд оролцогчдыг шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэний нийгмийн байгууллагын /ГТЕГ-ын дэргэдэх Ахмадын хороо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг/ оролцоог хангах, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, түншлэлийг хангасан ардчилсан удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

Гааль, татварын алба нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн албанд олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан ахмад байцаагчдын оролцоог хангах тэдний мэдлэг чадвар, нөөц бололцоонд тулгуурлан төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, тэдэнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэг, татварын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнээр татварын хуулийн хэрэгжилтийг хангах, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллах, дэмжлэг туслалцааг авах, мэргэжил арга зүйгээр хангах, судалгаа хийх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр санал боловсруулах зэрэг олон улсын жишигт нийцүүлсэн хамтын ажиллагааны эхлэлийг тавих шаардлага, ач холбогдолтой юм.

Дээрх үндэслэл, шаардлагад үндэслэн Гааль, татварын ерөнхий газар, Гааль, татварын газрын дэргэдэх Ахмадын хороо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хамтран ажиллах тухай гэрээний төслийг боловсруулан танилцуулж байна.

Хамтран ажиллах тухай гэрээний төсөлд хамтын ажиллагааны талаар дараах зарчмын асуудлуудыг тусгасан болно. Үүнд:

  • Хууль тогтоомжийг сурталчлах, таниулах болон түүнтэй холбоотой сургалт зохион байгуулах, онол практикийн бага хурал зохион байгуулах, судалгаа, шинжилгээний ажил хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, Гааль, татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх;
  • Ахмад байцаагчдаар татварын хууль тогтоомжийг сурталчлах, сургалт явуулах зэрэг татварын албаны зарим чиг үүргийг хуулийн хүрээнд, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлаар эрх зүйн зохицуулалт хийхээр санал боловсруулж цаашдыг үйл ажиллагааг тодорхойлох;
  • Татварын мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн болон гаалийн зуучлагчийн эрх авахад нь ахмадуудад дэмжлэг үзүүлэх;
  • Татвар төлөгч татвараа өөрөө тодорхойлон төлөх, тайлагнахтай холбоотой арга зүйг боловсронгуй болгох, хамтын ажиллагааны талаар олон улсын туршлагаас суралцах;
  • Энэхүү гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын санхүүжилтийн талаар хамтран ажиллах талууд тусгайлан үүрэг хүлээгээгүй болно.

Хамтран ажиллах тухай гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлийг ханган ажилласанаар хамтран ажилласан зорилго, зорилтодоо хүрч, үр дүнг хамтран дүгнэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг